Home Зарлал мэдээ Номын сангаас зохион байгуулж байгаа ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН УНШВАЛ ЗОХИХ НОМЫН ЖАГСААЛТ
ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН УНШВАЛ ЗОХИХ НОМЫН ЖАГСААЛТ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн В.Түвшинтогтох   
2012 оны 11-р сарын 22, Пүрэв гариг, 14:52

Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн номын сангийн "Мэргэжил арга зүйн зөвлөл"-өөс "Эцэг эхчүүдийн уншвал зохих ном"-ын жагсаалтыг гаргаж байна. Энэхүү жагсаалтыг гаргахдаа төв болон салбар номын сангийн фондод тулгуурлаж, тэнд байгаа номуудаас хамгийн ихээр уншигдаж буй номуудаас шилж сонгосон болно.

ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН УНШВАЛ ЗОХИХ НОМЫН ЖАГСААЛТ

1. Л.УРАНЦЭЦЭГ “Гэрийн хүмүүжлийн тухай бодлууд”

 

Уг ном 1986 онд хэвлэгдсэн. Тухайн үед Монгол улсын хүн амын тэн хагасыг 16 хүртэлх насны хүүхэд залуучууд эзлэж байжээ. Өнөөдөр ч энэ байдал нэг их өөрчлөгдсөнгүй. Номонд үзэл сурталын нөлөө орсон ч өнөөгийн нийгмээс эрүүл нүдээр харж чадвал тухайн үед хүүхэд хүмүүжлийн тухай ямар арга хэмжээ авдаг байсан тухай жишээ авахуйц, хэрэгжүүлмээр олон арга туршлагууд байх ажээ. МАХН-ын XVIII-р их хурал дээр “Хүүхэд хүмүүжүүлэх, тэдний эрүүл мэндийг хамгаалах ариун үйлсэд оролцохгүй нэг ч байгууллага, иргэн байх ёсгүй” гэж заасан нь өнөөгийн нийгмийн бодит байдалтай хэрхэн зөрчилдөж буйг харуулж байна.

2. Г.ЭРДЭНЭ-ОЧИР “Монгол ардын сурган хүмүүжүүлэх зүйн уламжлалаас”

Нийгмийн хөгжлийн түүхэн явцад нэг үеийн хүмүүс нөгөөгөө залгамжлан халж сольсоор ирснийг эртний Грекчүүд эргээ цохин буцах далайн долгоитой зүйрлэжээ. Энэ нь нийгэм хөгжиж эд материалын болон оюун санааны соёл нарийсч сайжрах хэлбэр юм. Энэчлэн Монгол ардын сурган хүмүүжүүлэх арга ухаан ч сайжирч иржээ. Энэхүү номоос та бүхэн Монгол ардын сурган хүмүүжүүлэх зүйн сан хөмрөгийг тольдож болно.

3. Г.Эрдэнэ-очир Хүнээр хүн хийх монгол ухааны сурвалж

Өнөө цагт хүүхэд хүмүүжлийн талаар гадна дотны олон ном зохиолууд орчуулагдан хэвлэгдэх болжээ. Дэлхий даяар өөрчлөгдөн, даяаршиж буй энэ үед орон орны сурган хүмүүжүүлэх ухааныг эцэг эхчүүд мэдэж байх нь зүйн хэрэг ч эрт дээр үеэс уламжлагдан ирсэн сурган хүмүүжүүлэх монгол ухаанаа мартаж үл болно. Энэ нь үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлж, өвлүүлэх чухал явдал билээ.

4. Ц.Үдэрпил Монгол ардын тоглоомын сурган хүмүүжүүлэх үндэс

Эцэг эх, сурган хүмүүжүүлэгчид ардын тоглоомыг хувийн туршлагаасаа мэдэх боловч түүний сургалт хүмүүжлийн үндэс, заах арга зүйн талаар шинжлэх ухааны мэдлэггүй улмаас практикт нэвтрүүлж, ашиглах нь мөхөс байна. Үүнийг шийдвэрлэхээр мэргэжлийн багш нарын, сургуулийн өмнөх насны хүүхдийн сургалтын ажиллагаанд ашиглах зарим тоглоомуудыг түүвэрлэн цуглуулж, түүнийг ашиглах арга зүйн асуудлыг эрдэм шинжилгээний үүднээс боловсруулсан уг ном та бүхэнд уншилгүй өнгөрөмгүй номын нэг юм.

5. Дон Кампбелл “Хүүхдэд хөгжим сонсгож хөгжүүлэн хүмүүжүүлэх нь”

Энэхүү бүтээлд хүүхдийг эхийн хэвлийд байхаас 10 нас хүртэлх насны хүүхдийн онцлог, түүнд тохирсон ямар ая, хөгжмийг хэрхэн зөв сонсгох, тийнхүү сонсгосноороо хүүхдийн оюун ухаан, чадамж бусдаас түрүүлж хөгждөг, ёс зүй, гоо зүйн хүмүүжил, төлөвшлийг хэрхэн олж авдаг зэрэг эцэг, эхчүүд, сурган хүмүүжүүлэгч зэрэг хэн бүхэнд нэн чухал мэдээллийг багтаасан өргөн агууламж бүхий цогц бүтээл юм. Тэрээр зохиогч алдарт хөгжмийн зохиолч В.Моцартын сонгодог бүтээлүүдийг судалгааныхаа суурь болгон бичсэн байна.

6. Л.Дааданхүү “Хөвгүүд, охидыг төлөвшүүлэх арга зүйн зөвлөмж”

Ахмад багш Л.Дааданхүү нь Хуучин Зөвлөлтийн нэрт сурган хүмүүжүүлэгч В.А.Сухомлинскийн ном, зохиол, үзэл баримтлалаас ишлэл авч, өөрийнхөө сурган хүмүүжүүлэх туршлагыг нэгтгэн дүгнэсэн энэхүү ном эцэг эхчүүдэд нэн чухал гарын авлага, ширээний ном болохуйц бүтээл ажээ.

7. Хүмүүжлийн тухай харилцан яриа

“Хүн бүр сурган хүмүүжүүлэх зүйг мэддэг байх хэрэгтэй” хэмээн алдарт сурган хүмүүжүүлэгч В.А.Сухомлинский бичжээ. Уг ном нь хэн бүхэнд дээрх зүйг танин мэдүүлэхүйц ном юм.

8. Б.Ридлер Гэр бүл, эргэн тойрныхонтойгоо зөв харилцаж, хамтран ажиллах арга ухаан

Уг номын тусламжтайгаар бидний мэдрэмж болон сэтгэл хөдлөл нь үйл ажиллагаанд ямар байдлаар нөлөөлж байдаг, яагаад эсрэг хүйсийнхэнтэйгээ учраа олдоггүй тухай болон үр хүүхэд, эргэн тойрныхонтой өдөр тутам хэрхэн зөвөөр харьцахыг сурах болно.

9. Монгол ардын зүйр цэцэн үг

Монголчууд эртнээс үр хүүхдээ зүйр үгээр хүмүүжүүлж ирсэн. Өнөө цагт зүйр үг хэлэх эцэг эхчүүд ховордсон нь монголын хойч үе өвгөдөөс өвлөгдөн ирсэн сэтгэлгээний үнэт чанараа алдахын эхлэл болж байна. Зүйр үг нь хүүхдийг сурган хүмүүжүүлэхээс гадна ургуулан бодох, сэтгэлгээг задалдаг чухал ач холбогдолтой.

10. Д.Санжжав Хүүхдийн нас зүй, сурган хүмүүжүүлэх сэтгэл судлал

Хүүхдийг хүмүүжүүлэхийн тулд сэтгэлийг нь таних хэрэгтэй. Энэ нь тухайн хүүхдийг зан характерийн аль хэв шинжийн хүүхэд болохыг таних явдал юм. Ингэснээр уг хүүхдэд хэрхэн хандах хүмүүжүүлэх талаар анхны мэдэгдхүүнийг олж авна.

11. Р.Х.Шакуров Хүн болох багаасаа

Библийн сударт “Юу тарина түүнийгээ хурааж авна” хэмээх үг байдаг. Эцэг эхчүүд хүүхэдтэйгээ хэрхэн харьцана, хүүхэд түүнийг л дууриадаг. Энэ бүхнийг хэрхэн зөвөөр даван туулахыг уг номоос уншиж болно.

12. Ч.Түмэндэлгэр Хүн болох багаасаа

“Үртэй хүн жаргаж, үндэстэй мод нахиалдаг” гэсэн Монгол ардын мэргэн үг бий. Жаргахын эхлэл нь юунд орших вэ гэвэл тэднийг хэрхэн зөв зүйтэй хүмүүжүүлснээс эхлэх юм.

 

Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 11-р сарын 22, Пүрэв гариг, 15:00
 

Twitter

Twitter Image

Facebook

Statistics

Гишүүд : 7
Мэдээлэл : 518
Вэб холбоос : 160
Мэдээллийг Үзсэн Тоо : 420843

Суурилсан: Joomla!. Designed by: joomla templates 1.5 web hosting Valid XHTML and CSS.